Манай ангийнхан бүгдээрээ яг ингэж багшийгаа дууриаж бичдэгсэн. Хэдийгээр энэ дэвтэр М.Туяа гэж хаяглагдсан ч, эзний нэр нь байхгүй бол Үржин багшийнх эсвэл түүний аль нэг шавийнх гэдэг нь хэнд ч тодорхой. Бүгдээрээ л угалзруулаад, нямбай, цэвэрхэн бичнэ. Харин хэн гэдэг шавийнх вэ гэдгийг мэдэх маш хэцүү. Ялгахын аргагүй.
Дэвтрийг шинээр нээхдээ яг ингэж хаяглана. Хаяглах журам хааяа солигдоноо. Тухайлбал, 3г ангийн сурагч гэдэг байснаа л 3-р ангийн Г бүлгийн сурагч гэж хаяглана ч гэх шиг. Журамтай байж дээ. Харин одоо тийм юм байдаг болов уу?
Бас багш маань цэвэрхэн сайхан дэвтрийн хавтсан дээр баллуураар сийлсэн тамгаараа улаан таван хошуу дардагсан.
12 мөнгөний дэвтрийг нэг хичээлийн жилд хичнээн олныг дуусгадаг байсан юм дээ. Энэ гэхэд дугаар 8 гэж байна шүү. Арын хуудаснуудаас харахад хичээлийн жил дуусах болоогүй байна даа. Өшөө ч хэд хэдийг дуусгасан байх.
Хуудас бүрийг дугаарлана. Бас урд хавтасны ард тэр үед "Хавтас бүтэн, Хуудас бүрэн" гээд л бичиж өгнө ш дээ. Сүүлдээ тэгэсхийгээд унтарсан байхаа.
Өдөр бүрийн он сараа тавиад л дараа нь "Ангид" гэж бичдэг байснаа "Ангийн ажил" гэж бичдэг болоод... "Гэртээ" гэдэг байснаа "Гэрийн ажил" гэдэг болоод л тэр үеийн боловсролын системийн журам, их маягланаа гэхдээ муудаагүй ...
Монгол хэлний хичээл дээр мэдээж дүрэм зөндөө үзнээ. Тэр бүгдийг хоёр талаар нь улаан зураас зурж тодруулнаа. Ямар одоонийх шиг гоё гоё олон өнгийн тодруулагч гэж байх биш. Хамгийн гол нь тодруулахдаа биш тодруулсныгаа толгойдоо үлдээх нь чухал байдгийг манай багш мэдрүүлж дээд зэргээр үлдээсэн.
Шинээр дүрэм гарвал улаан бал юмуу харандаагаар хоёр талаар нь зураад л... Хүүхдүүд ч ихэнхдээ улаан харандаагаараа зурдаг байсан. Би ч сайн аав ээжийн буянаар дандаа л гоё гоё бал, бас тэр үедээ "25-н" гэгддэг "сумтай цагаан үзэг"-ээр бичдэг байсан даа. Тэгээд хөх черниль, сурагч черниль гээд л бичиж өгнөө. Харин хар черниль болон балаар бичихийг ерөөсөө зөвшөөрдөггүй байсан даа.
Sain bn uu ene blogiin admintai holboo barih heregtei bnaa
ReplyDelete